13 болон түүнээс доош, 80 болон түүнээс дээш насны виз мэдүүлэгчид

Энэ хуудсан дээр:

Тойм

13 болон түүнээс доош, 80 болон түүнээс дээш насны виз мэдүүлэгчид Ярилцлагагүйгээр Виз Мэдүүлэх журмын дагуу цаг товлож материалаа авч ирэн виз мэдүүлэх шаардлагатай.

13 болон түүнээс доош насны хүүхэд эцэг эхтэйгээ хамт виз мэдүүлж байгаа тохиолдолд:

13 болон түүнээс доош насны хүүхэд эцэг эхтэйгээ виз мэдүүлж байгаа тохиолдолд эцэг эх нь визийн ярилцлагад ирэхдээ хүүхдийнхээ DS-160 маягтын баталгаажуулах хуудас, визийн хураамж төлсөн баримт, хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбарыг авч ирэх шаардлагатай. Энэ тохиолдолд хүүхэддээ тусад нь цаг товлох шаардлагагүй.

13 болон түүнээс доош насны хүүхэд АНХ УДАА виз мэдүүлж байгаа тохиолдолд:

Анх удаа цагаачлалын бус виз мэдүүлж байгаа 13 болон түүнээс доош насны бүх хүүхдийн эцэг эх эсвэл асран хамгаалагч нь биечлэн ирж ярилцлаганд орох шаардлагатай. Энд дарж виз мэдүүлэх зааварчилгааг үзнэ үү.

13 болон түүнээс доош насны хүүхэд өмнө нь визтэй байсан эсвэл хүчинтэй хугацаа нь хараахан дуусаагүй визтэй тохиолдолд:

Хүчинтэй хугацаа нь дуусаад удаагүй (сүүлийн 48 сарын дотор дууссан) визээ шинэчлэх хүсэлтэй 13 болон түүнээс доош насны виз мэдүүлэгчид Ярилцлагагүйгээр Виз Мэдүүлэх Хөтөлбөрөөр дамжуулан виз мэдүүлэх боломжтой.

80 болон түүнээс дээш насны виз мэдүүлэгчид:

80 болон түүнээс дээш насны виз мэдүүлэгчид Ярилцлагагүйгээр Виз Мэдүүлэх Хөтөлбөрөөр дамжуулан виз мэдүүлэх боломжтой.

Ярилцлагагүйгээр Виз Мэдүүлэх Хөтөлбөр нь виз олгогдоно гэсэн баталгаа өгдөггүй. Визийн мэдүүлгийг судалж үзсэний үндсэн дээр Консулын Хэлтэс тухайн виз мэдүүлэгчийг (эсвэл эцэг эхийг нь) цагаачлалын бус визийн ярилцлаганд биечлэн ирэхийг шаардах боломжтой.

Насанд хүрээгүй зорчигчид:

Хүүхэд барьцаалах болон хүчирхийлэх тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан, АНУ-ын Гааль, Хил Хамгаалах Албаны зөвлөж байгаагаар хүүхдийн эцэг эх хоёрын зөвхөн аль нэг нь эсвэл асран хамгаалагч авч яваа тохиолдолд тухайн насанд хүрэгч нь эцэг эх хоёрын аль нэгээс нь эсвэл хоёулангаас нь зөвшөөрлийн бичиг авч явах хэрэгтэй. Уг бичигт “Миний хүү/охиныг нөхөр/эхнэр/өөр бусад хүн гадаад улс руу авч явж байгааг мэдэж байгаа бөгөөд надаас зөвшөөрөл авсан” гэсэн үг оруулан Англи хэл дээр бэлтгэж, нотариатаар баталгаажуулна.

АНУ-д байх хугацаанд эрүүл мэндийн яаралтай тусламж шаардагдах урьдчилан таамаглашгүй нөхцөл байдал гарсан тохиолдолд холбогдох итгэмжлэлийг эцэг эхийн зүгээс түр хугацааны асран хамгаалагчид гарган өгөх боломжтой. Хэрэв хууль ёсны эрх бүхий хоёрдогч асран хамгаалагч (нас барсан, өрх толгойлсон эцэг эх гэх мэт) байхгүй бол шүүхийн шийдвэр, зөвхөн нэг асран хамгаалагчийн нэртэй төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ гэх мэт бусад баримт бичгүүд хэрэгтэй байж болох юм.

Асуулт, хариулт

А: Хүүхэд виз авах шаардлагатай юу?
Х: Бүх зорчигчид, хүүхдүүд мөн адил, Америкийн Нэгдсэн Улс руу зорчихын тулд виз авах эсвэл Визгүй Зорчих Хөтөлбөрт хамрагдах ёстой.

А: Хүүхдүүд насанд хүрсэн хүнтэй адил хэмжээний визийн мэдүүлгийн хураамж төлөх ёстой юу?
Х: Тийм.

А: Хүүхдүүд ярилцлагын цаг товлох ёстой юу?
Х: 13 болон түүнээс доош насны хүүхдүүд өмнө нь визтэй байсан бол цагаачлалын бус визийн ярилцлагын цаг товлох шаардлагагүй. Гэхдээ хэрэв анх удаа виз мэдүүлж байгаа бол тухайн хүүхдийн асран хамгаалагч нь ярилцлагын цаг товлох шаардлагатай. Энэ тухай дэлгэрэнгүй мэлээллийг энд дарж авна уу.

А: Ярилцлаганд хүүхдүүд өөрийн биеэр ирэх ёстой юу?
Х: 13 болон түүнээс доош насны хүүхдүүд цагаачлалын бус виз мэдүүлэхийн тулд ярилцлаганд биеэр ирэх шаардлагагүй. Энэ талаарх дэлгэрэнгүй мэлээлэлийг энд дарж авна уу..